МЭРГЭШИЛ ҮҮ, ГЭГЭЭРЭЛ ҮҮ
Тархины хөгжил гэдэг бол зөвхөн боловсрол биш. Боловсрол бол тархины
хөгжлийн зөвхөн нэг хэсэг. Нөгөөтэйгүүр, боловсрол нь одоогийн бидний
ойлгодог шиг зөвхөн шинжлэх ухааны мэдлэг төдий зүйл биш. Өөрөөр хэлбэл,
шинжлэх ухааны мэдлэг нь боловсролын өчүүхэн хэсэг болохоос боловсрол
биш. Тэгвэл боловсрол гэж юу вэ? Дэлхийн боловсрол судлалын шинжлэх ухаанд боловсролын тухай яг таг тодорхойлоод, нэгдсэн дүгнэлтэнд хүрсэн ойлголт төдийлөн байдаггүй. Ерөнхийдөө боловсрол гэдгийг шинжлэх ухааны мэдлэгт суралцаж, түүн дээр үндэслэн чадвар, дадал олж авах буюу товчхон хэлбэл, шинжлэх ухааны мэдлэг, чадвар, дадлын нэгдэл гэж ойлгож байгаа. Хүмүүсийг ийм л түвшинд буюу шинжлэх ухааны мэдлэгийн хүрээнд л боловсруулж байна.
Тэгвэл монгол суу ухаанд боловсрол гэдгийг орон зайндаа эзэгнэх ур дүй гэж тодорхойлсон буй. Хүн болон амьтан, ургамлын аль нь ч өөр өөрийн орон зайтай. Орон зайгаа эзэгнэх ур дүйг боловсрол гэдэг юм бол хүнээс гадна амьтан, ургамалд ч бас боловсрол байж таарах нь. Энэ тухай монгол суу ухаанд
Аливаа амьтан зорилгогүй боловч үүсэлдээ тохирсон боловсролтой
Аюул болоод ая тухад ч тэсэж үлдэх өөрийн мэргэшилтэй
гэж сургасан байдаг. Цаашилбал, бэлтрэг амьтан барих мөрд гүн болвоос боловсрол нь чоно бөгөөд тэр хөвч хангайд эзэгнэнэ. Тугал өлсөж мөргөлдөх, цадаж янцаглах мөрд гүн болвоос боловсрол нь үхэр бөгөөд тэр бэлчээрт эзэгнэнэ. Авгалдай цус шүүсийг сорж үржих мөрд гүн болвоос боловсрол нь ялаа бөгөөд тэр өвс чийг болон цусанд эзэгнэнэ гэж бас сургасан байдаг.
Эндээс үзвэл, аливаа амьтан зорилго үгүй боловч үүсэлдээ тохирсон боловсролтой гэдэг нь ямар орон зайг эзэгнэн амьдрахаар заяагдсан байна тэр орон зайгаа эзэгнэдэг гэсэн утга гарч ирж байна.
Ер нь аливаа амьтан ухамсар, оюунгүй учир тэдэнд зорилго гэж үгүй. Гэвч тэд өөрийнхөө үүсэлд тохирсон боловсролтой гэнэ. Амьтад үүсэхээсээ тодорхой овор хэмжээ бүхий бие цогцостой, бас амьтай. Нэгэнт бие цогцостой, амьтай болохоор амьтай үйлтэйн дээд хуулиар амьд байж, тэсэж үлдэхийн тулд хөдөлж явж, орон зайд шилжиж байж хоол хүнсээ олж идэж амь залгуулна. Үүний тулд орон зайндаа эзэгнэх ёстой. Чухамхүү ийм учраас л араатан, мал, авгалдайн алин байх нь хамаагүй аливаа амьтан зорилгогүй боловч тэд үүслээсээ хамаарсан орчноо эзэгнэх мөргүн боловсролтой.
Тэгвэл хүнд амь, амь зуулга, амьдрал гурвыг хоол, хор, тархи гурваар эзэгнэдэг өтүгэ, кижи, күэн, хан, хаан гэсэн 5 янзын боловсрол бий гэж сургасан буй.
Өтүгэ боловсрол бол шангас буюу мянгатын орон зайг эзэгнэгч ур дүй. Кижи боловсрол бол отог буюу түмтийн орон зайг эзэгнэгч ур дүй. Күэн боловсрол бол айл буюу бумтын орон зайг эзэгнэгч ур дүй. Хан боловсрол бол улсын орон зайг эзэгнэгч ур дүй. Хаан боловсрол бол дэлхийн орон зайг эзэгнэгч ур дүй.
Энэ дашрамд хэлэхэд, 13 – р зууны үед Их Монгол улсын нийхэмийн болон цэрэг армийн зохион байгуулалт нь аравтын систем байсан. Аравтын системээр нийхэмийн хамгийн бага нэгж болох
- нэг аравтыг бүл
- нэг зуутыг гал
- нэг мянгатыг шангас
- нэг түмтийг отог
- нэг бумтыг айл
гэж нэрлэж байжээ. Айлууд нийлж улс болно. Тэгвэл дээр нэрлэгдсэн 5 боловсролоор шангасын орон зайнаас дэлхийн орон зайг эзэгнэдэг байжээ. Тийм ч учраас Чингис хаан бол хаан боловсрол буюу хамгийн дээд түвшний боловсролыг эзэмшсэнээр дэлхийн орон зайг эзэгнэж, эзэгнэсэн хэрээрээ дэлхийгээ засаглаж чадсан байдаг.
Ийнхүү боловсрол нь орон зайндаа эзэгнэх ур дүй бөгөөд шангасаас дэлхийн орон зайг эзэгнэхэд зөвхөн шинжлэх ухааны мэдлэг, чадвар, дадал хангалтгүй нь ойлгомжтой. Чухамхүү яг ийм агуулгаараа боловсрол нь одоогийн бидний ойлгодгоос маш өргөн хүрээтэй, гүн гүнзгий агуулгатай, чухал мөн чанартай, утга төгөлдөр, ач холбогдол ихтэй зүйл ажээ. Боловсролыг ийм өргөн агуулгаар авч үзэхэд, шинжлэх ухааны мэдлэгт суралцаж, шинжлэх ухааны мэдлэг эзэмших нь боловсролын өчүүхэн хэсэг гэдэг нь илүү тодорхой харагдана.
Монголчууд огторгуйд гэгээрч, газарт боловсорч, орон зайд мэргэшинэ гэж үздэг. Огторгуйд гэгээрнэ гэдэг нь тархиа гэгээрүүлнэ гэсэн үг. Газарт боловсорно гэдэг нь орон зайг зөв бөгөөд бүрэн эзэгнэх ур дүй. Орон зайг зөв ч эзэгнэж болно, буруу ч эзэгнэж болно. Орон зайг бүрэн ч эзэгнэж болно, дутуу ч эзэгнэж болно. Тэгвэл гэгээрч зөв орших, зөв амьдрах, зөв хөгжих, зөв засаглах мэдвэл зохихуй буюу мэдлэгийг эзэмшсэний дараа түүний дагуу орон зайгаа зөв бөгөөд бүрэн эзэгнэнэ.
Мэргэшил гэдэг бол олз хураах чадвар. Тэгвэл орон зайд мэргэшинэ гэдэг нь гэгээрэл буюу мэдвэл зохихуй, боловсрол буюу орон зайд эзэгнэх ур дүйг хослуулан эзэмшсэнээр орон зайгаас олз хураах чадварыг эзэмших юм.
Эндээс үзвэл, монголчуудын хувьд эхлээд энэ дэлхийд зөв орших, зөв амьдрах, зөв хөгжих, зөв засаглах мэдвэл зохихуйдаа гэгээрээд, дараа нь гэгээрэл дээрээ үндэслэн орон зайгаа зөв бөгөөд бүрэн эзэгнээд, эцэст нь орон зайгаа зөв бөгөөд бүрэн эзэгнэснээр олзыг зөв хураадаг байжээ. Тэгвэл дэлхийн боловсролын тогтолцоонд эхлээд мэдвэл зохихуйд гэгээрүүлдэг шат байхгүй. Шууд л боловсруулна. Мэдвэл зохихуй үгүй болохоор яаж орон зайг бүрэн эзэгнэх билээ? Орон зайг эзэгнэлээ гэж бодоход зөв бөгөөд бүрэн эзэгнэж чадахгүй. Орон зайгаа зөв бөгөөд бүрэн эзэгнэж чадахгүй болохоор олзыг зөв бөгөөд бүрэн хурааж чадахгүй.
Өнөөдөр дэлхийн боловсролын тогтолцоогоор хүмүүс цэцэрлэг, дунд сургууль, их сургууль, магистрын болон докторын сургуулиар дамжин байж сая ганц л мэргэшил эзэмшиж байна. Дараа нь дипломоо үзүүлээд нэг ажил олж хийгээд, цалин аваад, амьжиргаагаа залгуулж байна. Эзэмшсэн мэргэшлээрээ ажил хийгээд цалин авч байгаа нь орон зайгаас олз хурааж байгаа хэрэг юм.
Тэгэхээр олзыг их хураая гэвэл орон зайгаа бүрэн эзэгнэх буюу бүрэн боловсрох хэрэгтэй. Орон зайгаа бүрэн эзэгнэе гэвэл зөв орших, зөв амьдрах, зөв хөгжих, зөв засаглах мэдвэл зохихуйдаа төгс гэгээрэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, олзыг зөв хураая гэвэл орон зайгаа зөв эзэгнэх буюу зөв боловсрох хэрэгтэй. Орон зайгаа зөв эзэгнэе гэвэл зөв орших, зөв амьдрах, зөв хөгжих, зөв засаглах мэдвэл зохихуйдаа зөв гэгээрэх хэрэгтэй болно.
Өнөөгийн дэлхийн боловсролын тогтолцоонд энэ зарчим, логик, технологи байхгүй учраас л боловсрол олгох нэрийн дор хүнийг шууд мэргэшүүлээд байгаа юм. Шуудхан хэлбэл, өнөөгийн дэлхийн боловсролын тогтолцоонд огторгуйд гэгээрэх, газарт боловсрох хоёр шат нь огт үгүй, харин ганцхан орон зайд мэргэших буюу олз хураах шат нь л байгаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн боловсролын тогтолцоо нь хүнийг гэгээрүүлэхгүй, боловсруулахгүйгээр шууд мэргэшүүлээд байгаа юм.
Гэгээрээгүй хүмүүс боловсрохгүй, боловсроогүй хүмүүсийн олз хураах чадвар нь мөхөс байх нь ойлгомжтой. Олз хураах чадвараар мөхөс хүмүүс ядуу зүдүү амьдрах нь дамжиггүй. Өнөөдөр дэлхийн хүн ам нийтдээ гэгээрэлгүй буюу мунхаглалын далайд живчихсэн, гэгээрэлгүй учир боловсролгүй, боловсролгүй учир олз хурааж чадахгүй, олз хурааж чадахгүй учир язуу зүдүү амь зогооцгоож байна. Өнөөдөр дэлхийн хүн амын 60 – 70 хувь нь ядуу, 40 орчим хувь нь нэн ядуу амь зууж байна. Зөвхөн энэ статистик тоо л дэлхийн боловсролын тогтолцоо хэрхэн мухардалд орсныг илтгэн харуулна.
Сургууль төгсөж, мэргэшил эзэмшсэн буюу олз хураах чадвартай болсон гэх дэлхийн хүн амын бага хувь нь гэгээрч, боловсорч орон зайгаа гүйцэд эзэгнэж чадаагүйгээсээ болоод хичнээн мэргэшсэн байлаа ч ганцхан мэргэшлээр л олз хурааж байна. Ганцхан мэргэшлээр хураасан энэ багаахан олз нь ахуй, амьдралд нь хүрэлцэхгүй зовцгоож байна.
Энэ нь хүмүүсийг олзыг буруу хураах буюу буруу аргаар олз хураахад хүргэдэг. Жишээ нь, өнөөдөр дэлхий ертөнц дээр авилгал, хээл хахууль, албан тушаалын наймаа, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн, дээрэм тонуул, хулгай зэлгий, булаалт, доромжлол, гүтгэлгэ, аллага таллага, хүчирхийлэл, далд наймаа, архинд донтох, хар тамхинд мансуурах гэх мэт үй олон бэрхшээлтэй асуудлууд бугшин хуримтлагдаж байгаа бөгөөд энэ нь хүмүүс олзыг буруу аргаар хурааж байгаагийн бэлээхэн нотолгоо юм. Тэр тусмаа буруу олзыг буруу аргаар хурааж байна. Манай Монгол улсын хувьд аваад үзэхэд, хүмүүс Их хурлын гишүүн болж парламентад суух маш их сонирхолтой болсон төдийгүй түүний төлөө үхэлдэн тэмцэцгээж байна. Энэ нь эх орны төлөө, ард түмний төлөө биш, харин эрх мэдлийг ашиглан өөртөө олз хураах гэсэн арай торсон аргуудын л нэг юм.
Эндээс, гэгээрч, боловсорч орон зайгаа зөв бөгөөд бүрэн эзэгнэж чадаагүй хүмүүс орон зайгаас олз хурааж чаддаггүй, чадсан ч ганц нэгхэн мэргэшлээр олзыг ядмагхан хураадаг нь харагдана. Хураах олз нь багадаад ирэхээр буруу аргаар олз хураадаг болох нь тодорхой харагдана.
Эцэст нь тэмдэглэхэд, өнөөгийн дэлхийн боловсролын тогтолцоотой харьцуулахад Монголын боловсролын уламжлалт тогтолцоо бол үнэхээр гайхалтай, гайхамшигтай болохыг энд өгүүлсэн бүхнээс уншигч та ажиглаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Монгол Суу Ухааны МАНУКОЛ АКАДЕМИ
No comments:
Post a Comment